Улаанбаатар хотын оршин суугчдын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тийм учраас гэр хороололд тохиромжтой, хямд төсөр, удаан хугацаанд тэсвэртэй барилгын арга технологи маш хэрэгцээтэй байдаг.
Эрт дээр үед сүм хийд барихад ашигладаг байсан технологи болох “шар шавраар барилгын бүтээц хийх” аргыг ПАДЕМ Монгол, “Эрүүл саруул амьдрахуй” ТББ-ууд хамтдаа хөгжүүлж, дахин сэргээлээ. Уг арга технологийг хөгжүүлэхэд Европын Холбоо, Свич-Эшиа хөтөлбөр, Абби Пиер сан, Чех болон Францийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй, Жэрэс ОУТББ-ын удирдан хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл” төсөл санхүүжүүллээ. Энэхүү аргачлалд шавраар блок хийх, даршилсан цутгамал хийх 2 төрлийг дахин туршиж үзлээ. Шавран блокийг элс, шавар, цементийн чийглэг зуурмагийг сайтар шахсанаар гаргаж авдаг. Даршилсан цутгамлыг ихэвчлэн бат бөх модон хүрээ хийхэд ашигладаг бөгөөд тухайн хүрээг элс, хайрга, шавар, цементийн холимог чийглэг хөрсөөр дүүргэдэг.
Уг арга технологийг хөгжүүлэх явцад гэр хороололд амьдардаг зорилтот бүлгийн 30 оролцогч, “Дулаан шийдэл” төслийн барилгачдад архитектор Д. Чинбадам багшийн удирдлага дор 2 долоо хоногийн сургалт зохион байгууллаа. Оролцогчдыг “Эрүүл саруул амьдрахуй” ТББ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Багш-Эцэг Эхийн холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо сонгож оролцуулав.
Оролцогсдын 84% нь сургалтад оролцсондоо сэтгэл хангалуун байснаа хэлэв. Зарим оролцогчид орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор цаашид ч сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэхээр урам зориг дүүрэн байгаагаа илэрхийлэв. Мөн оролцогчид энэ аргачлалыг улам олон иргэдэд таниулж түгээх, залуусыг түлхүү оролцуулж зааж сургах гэх мэт үнэт зөвлөгөө өгч байв.
Сургалтад идэвхтэй оролцсон Содномпунцагийн Сүх-Очир сургалтын баг хамт олонд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид энэхүү технологийг үйлдвэрлэх жижиг хэмжээний үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа хэлж байлаа.
Жэрэс ТББ-ын Суурин төлөөлөгч Биатриз Марото Изкиердо “Монголын сүм хийдүүд олон зууны туршид эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байсан бөгөөд энэ нь суурин монгол барилга угсралтын эртний аргуудын ховор жишээ юм. Уламжлалт барилгын арга техникийг шинэчилж хэрэглэсэн нь Жэрэс ТББ-ын Марокко, Тажикстанд хэрэгжүүлсэн төслүүдээр байгаль орчин, нийгмийн үүднээс хамгийн сайн дасан зохицох чадвартай болох нь батлагдсан. Тийм ч учраас бид Монголд энэ арга технологийг туршиж үзэхийг хүссэн юм.” хэмээн сургалтын талаар хэлэв.
Оролцогчдын сэтгэгдэл өндөр байгаа нь шар шавраар бүтээц хийх арга техникийг сэргээж, уг аргыг Монгол улсад олон нийтэд өргөн ашиглах ёстойг баталж байна. Сүм хийдийн барилга байгууламжид уг техник технологийг ашиглаж байсан түүхтэй тул Монгол Улс байшин барих хуучин арга барилыг дахин ашиглахад бэлэн байгааг харуулж байна.
“Дулаан шийдэл” төслийн тухай
Европын холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.
Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай
Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс эрчим хүч, хөгжлийн чиглэлээр мэргэшсэн Францын ТББ бөгөөд Европ, Африк, Азийн 40 гаруй жилийн туршлагатай, хамгийн эмзэг хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулж, цаг уурын өөрчлөлтийн нөлөө, түүнд дасан зохицох үйл ажиллагаа явуулдаг.